ШУТИС-ийн 75 дахь удаагийн төгсөлт боллоо

May 02, 2016
Нэмсэн: Бадрах
Comments : 0

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2015/16 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 75, магистрын 37 дахь удаагийн төгсөлт 2016 оны 1 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн төгсөлтөөр магистрын 78 мэргэжлээр 366, бакалаврын 148 мэргэжлээр 1217 үүнээс онцлох дипломтой 18, дипломын зэрэгтэй 74 оюутан төгсөн гарч байна.  

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Т.Энхцацрал болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, салбарын эрхлэгч, профессор багш төгсөгч оюутан залуучууд оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж Ректор Б.Очирбат үг хэлж, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим судлалын салбарын дэд профессор, доктор Г.Энхтайван багш төгсөгч оюутнуудад хандан үг хэллээ.

 

Мөн шилдэг төгсөгч ХШУС-ийн Ж.Гэрэлмаа, ҮТС-ийн П.Бүжинлхам нарт өргөмжлөл, дипломыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм. Төгсөгчдөд диплом олгох Ректорын тушаалыг Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Т.Энхцацрал уншиж танилцуулснаар магистрын зэрэг хүртэж буй төгсөгчдөдөө дипломыг нь гардуулан өгч, төгсгөлд нь “Халуун элгэн нутаг” дууг бүгд хамтран дуулснаар ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

Түүнчлэн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Хэвлэлийн үйлдвэр сургалтын төв төгсөгчдийн гэрэл зургийг авч ажилласан бөгөөд ёслолын ажиллагааны зургийг Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн В1 давхрын ХҮСТ-өөс авах боломжтой.

Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.